Монгол Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлсний дараа буюу 1921 оны 3 дугаар сарын 24-нд хуралдсан анхдугаар хурлаас Д.Сүхбаатарын санаачлагаар журамт цэргийн хувцас хэрэглэлийг сэлбэн засах, Ардын журамт цэргийн анхны соёмбот туг оёх ажилд цэргийн ар гэрийн хүмүүсийг татан оролцуулж оёдлын бүлгэм байгуулжээ. 1922 оны эхээр байнгын армитай болж цэрэг дарга нарыг жигд хувцас хэрэглэлээр хангах шаардлагын үүднээс "Бэлтгэн үйлдэх тасаг" нэртэйгээр цэргийн гар үйлдвэрийг албан ёсоор байгуулж даргаар Мөнхийн Дандийг томилсноор манай улсын хөнгөн үйлдвэрийн үндэс суурь тавигдсан юм. Үйлдвэрийг байгуулах үед үйлийн хайч, зүү, тэвнээс өөр ямар нэгэн багаж хэрэгсэл байхгүй дан ганц гар оёдлоор хувцас хэрэглэл хийдэг байсан учир "Гар үйлдвэр" хэмээн нэрлэж байв.
1947 онд тус үйлдвэр үүсэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойгоор "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор шагнагдаж, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Янжмаагийн нэрэмжит болсон юм.
Өдгөө манай үйлдвэр нь 2227.8 м2 талбай бүхий үйлдвэрийн зориулалтын байранд 20 нэр төрлийн 180 гаруй машин тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
"Бөртэ" Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Монгол Улсын тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын хувцас хэрэглэл болох хүндэт харуул, торгон цэрэг, цагдаагийн дүрэмт хувцас хэрэглэл, үе үеийн генерал, офицер ахлагч нарын ёслол, албаны хувцас, гараар урлаж шаглаж оёдог алтан мөрдөс зэрэг дэлхийд танигдсан монгол брэндийг үйлдвэрлэхийн зэрэгцээ энгийн захиалгат 50 гаруй байгууллагуудын бүх төрлийн оёмол бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлдэг 100 жилийн бүтээлч түүхэн замналтай үйлдвэр юм.